Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

ММЗИ нь хөгжлийнхөө эхний арван жилийг үдэж дараагийн арван жилийн цоо шинэ хуудсыг гишүүд зөвлөхүүд та бүхэнтэйгээ хамтран эхлүүлж байгаа нь бид бүхэнд ихээхэн итгэл найдварыг төрүүлж байна.  

Түүхийн шинэ, цав цагаахан хуудас Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Илгээлт болон бид бүхний шинэчлэн тодорхойлсон ММЗИ-н Алсын Хараа 2050-аар ийнхүү Их аяны он жилүүдийг туурвихаар сөхөгдлөө.

Гишүүд, идэвхтэн дэмжигч зөвлөхүүд та бүхний хамтын ажиллагааны үр дүнд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн институт болсон бол одоо “Зөвлөхүүд, Үйлчлүүлэгчдийн хамтын хөгжлөөр сайхан дэлхийг бүтээх” Эрхэм зорилгын дор нэгдэн хамтын хүчээр зорилгодоо хүрнэ.

2030 он хүртэлх Тогтворжих үеийн арван жилийн стратегийн зорилтын хүрээнд бид  Институцын засаглал, удирдлага, оролцогч талуудын хамтын ажиллагааны тогтолцоонуудыг бэхжүүлэхийн зэрэгцээ улс орныхоо өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад бодит хувь нэмэр оруулан ажиллах болно.  

Аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд, уул уурхайгаас хэт хамаарсан бүтцийг өөрчлөн эдийн засгийг эрчимжүүлэхэд зөвлөх үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, үүрэг роль улам нэмэгдэж байна. Иймээс бид  зөвлөхүүдийн мэргэшил, ёс зүйг үндэсний MCMC болон олон улсын CMC төвшинд хөгжүүлэн, зөвлөх үйлчилгээний ИСО 20700 стандартыг өргөнөөр нэвтрүүлэн төслүүдийн чанар, үр өгөөжийг сайжруулж зөвлөх үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно.

Хувь зөвлөхүүд болон зөвлөх үйлчилгээний компаниудыг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах бодлого баримтлан, зөвлөхүүд зөвхөн дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах төдийгүй экспортод амжилттай гарах, ногоон зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд хүчин чармайлт тавин ажиллах болно.

“Хамтдаа хөгжье” уриан дор ММЗИ-тэй хамтран ажиллаж “Дэлхийд гайхагдсан байгууллагууд бүтээлцэх” Их үйлсэд  Зөвлөхүүдээ уриалж байна.

Ерөнхийлөгч  

А.Алтантуяа